Санхүүгийн даатгалын ХОЁРДУГААР ФОРУМ амжилттай боллоо.

2017-05-24, Лхагва гариг

Тэнгэр даатгалаас зохион байгуулж буй Санхүүгийн даатгалын ХОЁРДУГААР ФОРУМ нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монголын Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд 80 гаруй албан байгууллага оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулганаар Цахим гэмт хэрэг, Удирдах ажилтан болон мэргэжлийн хариуцлага ба түүнд учирч болох эрсдэлүүд, түүнээс хэрхэн хамгаалах зэрэг чухал асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Чуулганд санхүүгийн даатгалын туршлагатай гадны мэргэжилтнүүд уригдан ирж өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа нь Монгол улсад олон улсын даатгалын жишгийг тогтоох, компанийн засаглалын хөгжүүлэлтэд болон эдийн засгийн систем томоохон нөлөө үзүүлэхүйц чуулган болж өндөрлөлөө.

Энэ удаагийн чуулганы гол сэдэв болох Удирдах ажилтны хариуцлагын даатгал нь байгууллагын удирдах ажилтны санамсар болгоомжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд учруулах хуулийн хариуцлагыг энэ даатгалаар хамгаалах боломжтой. Байгууллагын удирдах ажилтны зүгээс буруу шийдвэр гаргасны улмаас учирсан хохирлыг нөхөн барагдуулах боломжтойг харуулснаараа ач холбогдолтой байлаа.

Түүнчлэн мэргэжлийн ажилтан албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжлийн ур чадвар дутсанаас үүдэн харилцагчдад буруу мэдээлэл, зөвлөгөө өгч, улмаар харилцагч санхүүгийн алдагдалд хүрэх хэмжээний хохирол, хууль эрх зүйн хамгаалалтаас үүдэн гарсан зардлыг шийдэхэд чиглэгддэг.

Азийн улс орон цахим халдлагад хамгийн эмзэг бүс нутгийн нэг бөгөөд жил ирэх тусам халдлагын тоо өсөх хандлагатай байна. Учир нь Азийн бүс нутаг нь интернет хэрэглэгчийн тоогоороо болон геополитикийн асуудлаараа дэлхийд тэргүүлэгч байр суурийг эзэлж байдаг.

Кибер даатгал нь бизнес эрхлэгч болон иргэдийг интернет, цахим сүлжээнд суурилсан эрсдэл, болон мэдээллийн технологийн дэд бүтэц, түүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэлээс хамгаалах зорилготой юм.

Тэнгэр даатгалаас хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа энэхүү чуулганаар дээрх болзошгүй эрсдэлүүдийг шийдэх кибер даатгалын шийдлүүдийг санал болгосноороо онцлог байлаа.