ТЭНГЭР ДААТГАЛ дахь комплаенсийн хэрэгжилт

2017-11-18, Бямба гариг

ОЙБЕК ХАЛИЛОВ

“Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, КЗҮЗ-ийн гишүүн

Компаниуд гагцхүү ашигтай ажиллагаагаа хамгийн өндөр түвшинд байлгах зорилгоор бүх төрлийн арга, хэрэгсэл ашиглах нь үйл ажиллагааны, хууль, эрх зүйн болон бусад төрлийн эрсдэл дагуулдаг болох нь практик дээр эртнээс ажиглагдаж байгаа билээ. Иймээс олон улсын болон Монгол Улсын компаниуд гадаад, дотоодын эрсдэлээс урьдчилан сэргийлж, дотоодын хяналтыг сайжруулан, заавал мөрдөх хууль тогтоомж, заавар, журмын биелэлтийн хэрэгжилтийг хангах албатай болж, комплаенсийн буюу хянан нийцүүлэлтийн үүргийг хэрэгжүүлж байна. "Комплаенс" гэдэг нь англи хэлний “compliance” (дагаж мөрдөх, нийцүүлэлт) гэсэн үгнээс гаралтай бөгөөд аливаа үйлдэл хууль тогтоомж, заавар, дүрэм, журам, стандарт болон байгууллагын дотоод эрх зүйн актын шаардлагад нийцсэн байхыг ойлгоно. Одоогоор Монгол Улсын компаниуд “комплаенс”, “хянан нийцүүлэлт” гэдэг нэр томьёо хэрэглэж байгаа. Комплаенсын үүрэг нь “Тэнгэр даатгал” ХХК төдийгүй Монгол Улсын хувийн хэвшлийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд, төрийн байгууллага, бусад хуулийн этгээдүүдийн хувьд харьцангуй шинэ ойлголт бөгөөд компанийн засаглалын хүрээнд хөгжиж буй салбарын нэг гэж хэлж болно. “Тэнгэр даатгал” ХХК нь эрх бүхий байгууллагуудаас гаргасан даатгалын компаниудад хамааралтай дотоодын болон олон улсын хууль тогтоомж, дүрэм, журам, компанийн ил тод байдал, нэр хүндэд нөлөөлөх бизнесийн тогтсон стандартын хэрэгжилтийг хангуулах, компанийн хэмжээнд баримтлах ёс зүйн журам, компанийн засаглалын кодекст тодорхойлогдсон бүхий л хэм хэмжээг дэмжин биелүүлж, хэрэгжилт, хяналтыг сайжруулан мөрдүүлж ажилладаг. Тус компани Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн комплаенсийн журам боловсруулан баталж, компанийн бүх түвшинд мөрдүүлэн бэхжүүлэх зорилгоор комплаенсийн асуудал хариуцсан ажилтнууд томилж, комплаенсийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай компани комплаенсийн хянан нийцүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, комплаенс хяналтыг компанийн бүх түвшинд мөрдлөг болгох, аашид комплаенсийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нийцэхүйц түвшинд явуулах зорилт тавин ажиллаж байна. Комплаенс хариуцсан ажилтнууд маань комплаенсийн эрсдэлийг эрсдэлийн удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд тодорхойлж, удирдан чиглүүлэхэд анхаардаг бөгөөд дараах үүрэг, хариуцлагыг хүлээдэг:
· Компанид тулгарч буй комплаенс эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хянах, тайлагнах, комплаенсын эрсдэлд хяналт тавих асуудлаар дээд удирдлагад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;
· Компанийн ажилтнуудад комплаенс эрсдэлийг удирдах, хэрэгжилтийг ханган биелүүлэх үйл ажиллагаанд нь заавар, чиглэл, зөвлөгөө өгөх;
· Компанийн бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж комплаенсийн эрсдэлийгмагадлан шалгах, комплаенстай холбоотой олон улсын стандарт судлах ажлыг үр дүнтэй явуулах, улмаар компанид хэрэгжүүлэх, бэхжүүлэх.
Даяаршил дунд хөгжиж буй өнөөгийн нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологийн болон бусад салбарт үүсэж буй шинэ шинэ харилцааг дагаад урьд өмнө таамаглаж байгаагүй олон төрлийн шинэ эрсдэл бий болж байна. Зах зээлийн эдийн засгийн хүрээнд иргэд, хуулийн этгээд дэлхийн аль ч улс оронд (олон улсын хэмжээнд төлбөр тооцоо гүйцэтгэх хориг тавьсан улсуудаас бусад) мөнгөн гуйвуулга чөлөөтэй шилжүүлэх боломжтой болсныг дагаж мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэргүүд ихээр гарах болсон. Нөгөөтэйгүүр эдгээр эрсдэл нь дэлхийн аль ч улс орны компаниудаас бизнесийн үйл ажиллагаандаа олон улсын болон дотоодын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх хууль тогтоомжийг чандлан биелүүлэхийг шаардаж байна. “Тэнгэр даатгал” ХХК нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, дотоодын болон олон улсын урьдчилан сэргийлэх хууль, дүрэм, стандарт, зөвлөмжүүдийг чандлан сахиж мөрддөг. Тус компани нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлэн, Мөнгө угаах, терроризмыг санхжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны журам батлан мөрдөж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай компанийн хувьд энэхүү журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ дараах асуудлуудад ихээхэн анхаардаг:
· Мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар компанийн ажилтнуудад сургалт зохион байгуулах;
· Компанийн холбогдох ажилтнуудыг энэ чиглэлээр мэргэшүүлж, сургалтад хамруулах, улмаар компанид учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх;
· Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж, компанийн хэмжээнд хэрэгжилтийг нь сайжруулах зорилгоор харилцагчийн эрсдэлийн үнэлгээ хийж, компанийн өндөр эрсдэлтэй харилцагчдын цар хүрээг тогтоон, тогтмол хяналт тавих;
· Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дансны гүйлгээний мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороонд тогтмол тайлагнах.
Манай компани нэг талаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх үүргээ гүнзгий ухамсарлаж, энэ зорилгоор холбогдох зохицуулагч байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын үйл ажиллагааг дэмжин, харилцагчийг таньж мэдэх, эрсдэлд суурилсан үнэлгээ хийхэд онцгой анхаарахыг чухалчилж байна. Нөгөө талаас компанийн хувьд мөнгө гаалт, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг эрх зүйн болон бизнесийн өөрчлөгдөн буй орчинд нийцүүлэн тогтмол хөгжүүлж сайжруулах, цаашид олон улсын компаниудын тэргүүн туршлага нэвтрүүлэх зорилгын хүрээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд улам анхаарч, энэ чиглэлийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг шат дараалан авахаар төлөвлөж байна. Өнөөгийн нийгэмд тулгарч буй эмзэг асуудлуудын нэг нь яах аргагүй авлига, хээл хахууль өгөх, зуучлах үйлдэл юм. Авлига нь ихэвчлэн төрийн албанд хамааралтай асуудал хэдий ч нэг талаас иргэд, хуулийн этгээдүүд өөртөө ашигтай шийдвэр гаргуулах, ашигтай байдал бий болгох зорилгоор, нөгөө талаас ажилтан хялбар аргаар үндэслэлгүй хөрөнгөжих, ашиг хонжоо олох зорилгоор авлигын системийг бүрдүүлэх тохиолдлууд гардаг. “Тэнгэр даатгал” ХХК нь үйл ажиллагааныхаа ил тод байдлыг бататгаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ сайтар ухамсарлан, шударга ёсны зарчмыг дээдлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг Монгол Улсын хуулийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Тус компани нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, компанид ихээхэн эрсдэл учруулдаг үзэгдэл болох авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын шинжтэй үйлдлийг таслан зогсоох, асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй, оновчтой арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, санал солилцох, зөвлөгөө авах болон сургалт зохион байгуулахад онцгой анхаарч ажиллах болно. Тус компани дотооддоо Ажилтны ёс зүйн дүрэм баталж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Компанийн ажилтнуудын ёс зүй, сахилга, эрх зүйн ухамсар, хариуцлагын хэм хэмжээг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд “Тэнгэр даатгал” ХХК-ийн Ёс зүйн дүрмийн гол зорилго оршдог. Компанийн бүх ажилтан Ёс зүйн дүрэм болон Монгол Улсын хууль тогтоомжийг ягштал баримталж ажилласнаар компанийн зөв, ил тод ажиллагааг бэхжүүлж, түүний нэр хүндийг өсгөн, гадаад, дотоодын аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, компанидаа төдийгүй нийгэмдээ ёс зүйтэй, өндөр ёс суртахуунтай ажилтан болон төлөвшиж байна. Компанийн засаглалын кодекс мөрдөж ажиллах нь аль ч компанийн хувьд чухал байдаг. Тус компанийн эрх бүхий албан тушаалтнууд, тухайлбал, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон Компанийн тухай хуульд заасан эрх бүхий бусад албан тушаалтан компанийн засаглалын чиглэлээрх сургалтад хамрагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх бүхий албан тушаалтнаар томилуулан ажиллах зөвшөөрөл авсан нь түүний үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаагийн нэг тод жишээ юм. Мөн ёс зүйн дүрэм, засаглалын кодекс зэрэг комплаенс асуудалтай холбоотой компанийн дотоод бодлого, дүрэм, журам, удирдамж зэргийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт өгөх, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж санал, зөвлөмж хүргүүлэх чиглэлээр ажиллахад нь компанийн зүгээс ихээхэн анхаарч байна. Бизнесийн байгууллагуудын нэгэн адил “Тэнгэр даатгал” ХХК нь хүний хүчин зүйл, дотоод процесс, мэдээллийн технологи болон гадаад хүчин зүйлсээс үүдэлтэй эрсдэлүүдийн нөлөөгөөр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байдаг. Эдгээр эрсдэлийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, улмаар үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцоог ахисан түвшинд хүргэх зорилгоор “Тэнгэр даатгал” нь үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын бодлого болон холбогдох эрх зүйн актуудыг Санхүүгийн Зохицуулах Хорооноос тодорхойлсон шаардлага, стандартад нийцүүлэн шинэчлэн боловсруулаад байгаа билээ. Комплаенс нь нэн түрүүнд компанийн засаглалыг хуулийн хувьд оновчтой, зөв эрэмбэ дараалалтай мэдээллийн урсгал болгон тогтоож, удирдан явуулахад чухал ач холбогдолтой. Комплаенсыг оновчтой нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагааны, санхүүгийн, чанарын хяналтыг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Комплаенсийн үйлчилгээ нь компанийн гадаад, дотоод үйл ажиллагааны эрсдэлийг бууруулан нийт ажилтан, алба, хэлтсийн хариуцлага хүлээх, багаар ажиллах, бие биеэ хүндэтгэх, шударга зарчимч ажиллах чадварыг сайжруулахад эергээр нөлөөлдөг. Түүнчлэн хянах функцээ хэрэгжүүлэхэд нь удирдлагад тусалж, арилгахад төвөгтэй байсан ашиг сонирхлын зөрчил, менежментээс гадуурх гэр бүл, хамаатан садан, танилын хүрээний хэлхээ холбоо, бүлэглэлийн далд хэлцэл, зохисгүй ашиг хонжоо зэрэг асуудал бүрэн арилж, улмаар компанийн бизнесийн ил тод, ашигтай ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.