​ Тэнгэр Даатгал компанийн гүйцэтгэх захирал Ойбек Н. Халилов Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдлоо.

2016-02-08, Даваа гариг

Монголын Даатгагчдын Холбооны 2 сарын 4-нд зохион байгуулагдсан ээлжит хурлын үеэр холбооны ерөнхийлөгчийг сонгох үйл ажиллагаа явагдлаа. Тус сонгуульд хоёр хүн нэрээ дэвшүүлж өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд Тэнгэр Даатгал компанийн гүйцэтгэх захирал Ойбек Н. Халилов нийт гишүүдийн 75 хувийн саналаар Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Ойбек Н. Халилов нь ажлын гараагаа 1992 онд эхэлсэн ба 1994 онд Узбекистан улсын “Uzbekinvest” үндэсний даатгалын компанид Гадаад харилцааны менежерийн үүргийг гүйцэтгэж эхэлсэнээс хойш тасралтгүй 20 жилийн хугацаанд даатгалын салбарт ажилласан туршлагатай. Тэрээр энэ хугацаанд Англи улс дахь “AIG Uzbeinvest Limited” компанид Гүйцэтгэх захирал, Узбекистан дахь Үндэсний Экспорт-Импорт даатгалын компанид Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч, түүнчлэн олон улсын нэр хүнд бүхий AIG(American International Group) группын Узбекистан дахь Ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Мөн тэрээр одоогоор Монгол улс дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Монголын Даатгагчдын Холбоо нь Монгол улсад даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагууд, даатгалын чиглэлийн бусад төсөл хөтөлбөр, институтыг нэгтгэсэн, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилдэг, бие даасан, ашгийн бус мэргэжлийн холбоо юм. Өнөөдрийн байдлаар Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 1 давхар даатгал, 15 ердийн даатгал, 1 амьдралын даатгалын компани зэрэг 17 жинхэнэ гишүүн, 1 дэмжигч гишүүн /МИД төслийн нэгж/ зэрэг 17 байгууллагын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.