Санхүүгийн салбарын хөгжилд цахим шилжилт нэвтэрсээр. . . 2018-07-07 23:58 GMT+8

Тэнгэр Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхантай Даатгалын салбар, энэ салбарт хэрэгжиж буй инновацын талаар ярилцлаа.

-Бидний ярилцах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Та даатгалын салбарт хэдэн жил ажиллаж байна?

-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу, Юуны өмнө танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд банк, санхүүгийн салбарт 20 дахь жилдээ  ажиллаж байгаагаас даатгалын салбарт хоёр жил ажиллаж байна.

-Нууц биш бол бусад хугацаанд нь ямар ямар салбарт ажиллаж байсан бэ? Яагаад даатгалын салбар руу шилжих болов?

ХасБанкинд 2000-2010 оны хооронд ажиллаж бичил санхүү, арилжааны банкны үйл ажиллагааны талаар тодорхой туршлага хуримтлуулж, банкны салбарын их өөрчлөлтийн он жилүүдэд өөрийн зүгээс багахан ч гэсэн хувь нэмрээ оруулан ажиллаж байсан нь миний хувьд их азтай тохиолдол байсан. Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн (IFC)-ийн зүгээс БНХАУ-д Бичил санхүүгийн компани байгуулах ажлыг 2010 онд бусад хөрөнгө оруулагчдийн хамт эхлүүлсэн. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх төслийн багийн нэг хэсэг болж БНХАУ-ийн Шинжаан Уйгарын Өөртөө засах орны Үрэмч хотод анх очиж байлаа. Төслийн үйл ажиллагаа маань олон саад бэрхшээлийг давсаны эцэст амжилттай эхэлсэнээр ТианРонг (ТэнгэрСанхүү гэсэн утгатай) нэртэй Бичил зээлийн компанийг байгуулахад Гүйцэтгэх захирлаар томилогдон 2014 он хүртэл ажилласан. Даатгалын салбарт шилжиж ажиллах болсон нь миний хувьд тохиолдлын хирнээ сонирхолтой байдлаар явагдсан. Хятадад ажилласан гэрээний хугацаа маань 2014 онд дуусч буцаж ирэхтэй зэрэгцэн Тэнгэр Даатгал компанийн удирдлагын багт орж ажиллахыг манай Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн зүгээс санал болгосон. Банк, зээлийн чиглэлээр 14-н жил ажилласан хүний хувьд сонирхолтой санагдсан бөгөөд нэг их удаан бодолгүй шийдвэрээ гаргаж ажилдаа орж байлаа. Бас нэг нөлөөлсөн зүйл бол орчин цагийн банкны секторын ид хөгжлийн жилүүд буюу нийт иргэдийн хувьд банкаар үйлчлүүлж, зээл авч, данс нээлгэж, төлбөрийн карт хэрэглэж сурсан энэ он жилүүдэд ажиллаж өөрчлөлт хэрхэн хийгддэгийг харсаны хувьд өөр салбарт орж даатгалын үйлчилгээ нийтийн хүртээл болох тэр өөрчлөлтөд гар бие оролцох, хувь нэмрээ оруулах хүсэл, сонирхол төрсөн гэдгээ нуугаад яахав. Гэхдээ тодорхой хугацаанд ажилласны дараа гадагшаа явж суралцах болсоноор хэсэг завсарлаад энэ оны эхнээс компанидаа эргэн ажиллаж байна.

-Тэнгэр Даатгалын үүдээр орж ирэхэд танай оффис их сонирхолтой санагдлаа. Компанийнхаа үйл ажиллагааны ойрын үеийн сонин сайхныг хуваалцвал. Ямар ажлууд дээр төвлөрч байна вэ?

-Энэ оны хувьд дэлхий нийтээрээ хүндхэн сорилтыг хамтдаа даван туулж байна. Бидний урьдчилж тооцоогүй, төсөөлөөгүй өвчин тахал, түүнийг дагасан эдийн засгийн хүндрэл бодитоор тулгарч байна. Гэхдээ энэ саад бэрхшээлийг зүгээр хараад суулгүйгээр боломж болгон ашиглах, шинэ зүйлд суралцах, өөрчлөлтийг цаг алдалгүй эхлүүлэх зайлшгүй хэрэгцээ гарсан тул бидний зүгээс хэд хэдэн ажлыг хорио цээрийн үед эхлүүлсэн нь өнөөдөр бодит биелэлээ олоод байна. Хамгийн эхний өөрчлөлт бол бид нийт ажиллагсдын 70 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулах зохион байгуулалтыг хийж 2-3 сарын

хугацаанд хэрэгжүүллээ. Энэ хугацаанд дотоод үйл ажиллагааны зарим хэсгээ автоматжуулж, хурал, уулзалт, сургалт зэргийг цахимаар хийх боломжтой боллоо. Мөн сүүлийн хэдэн жил засвар хийгээгүй байсан оффисоо орчин үеийн өнгө шийдлээр засварлаж харилцагчиддаа тав тухтай үйлчлүүлэх таатай орчин, ажилтнууддаа сэтгэл хангалуун, бүтээлч ажиллах орчин үеийн ажлын орчинг бүрдүүлж чадлаа. Энэхүү шинэ оффисын хувьд минималист байдлаар зарим шийдлийг гаргасан нь өнөөгийн цаг үетэй бүрэн зохицсон гэж бодож байна. Нэг жижигхэн хирнээ чухал шийдвэр гаргасан нь захирлуудын өрөөний хэмжээг бараг хоёр дахин бууруулж, энэ хирээр бусад ажиллагсдад ажиллах зай талбайг томруулж дээр нь чөлөөт цагаа өнгөрөөх орчинг нэмэгдүүлж чадсан. Ажиллах орчин, ажлын арга барил эрс өөрчлөгдөхийн хирээр ажиллагсдын бүтээмжид бодитой өөрлөлтүүд анзаарагдаж сэтгэл ханамжтай ажилтнаас сэтгэл шингэсэн үйлчилгээ манай харилцагчдад хүрч эхэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Бидний дараагийн хийж эхлүүлсэн томоохон өөрчлөлт бол даатгалын үйлчилгээг цахимжуулах явдал юм.  Манай компани 2018 онд анхны веб суурьтай онлайн даатгалын систем хөгжүүлж, нэвтрүүлсэн төдийгүй энэ онд даатгалын үйлчилгээг гар утсанд шилжүүлэх ажлыг эхлүүлж эхний шийдлүүдээ олон нийтэд танилцуулаад байна. Харилцагчдийн хэрэглэх гар утасны Edaatgal аппликейшны хувьд бидний өдөр тутам хэрэглэдэг бусад АПП-н нэгэн адил хэрэглэхэд хялбар бөгөөд хэрэгцээт даатгалын хамгаалалтаа авч, эрсдэл тохиолдсон үед цаг алдалгүй баримтжуулах мэдээлэх шийдэл болж чадсан.

-Edaatgal аппликейшнийг бүтээх болсон шалтгаан юу байв?

-Шалтгаан гэвэл дээр хэлсэнчлэн дэлхий ертөнц биднийг өөрөөр амьдарч, ажиллахыг шаардаад эхэллээ. Цар тахлын улмаас хөл хорио тогтооход зайнаас ажлаа явуулах, харилцагчиддаа зайнаас үйлчилгээ үзүүлэх гэнэтийн шаардлага гарсан нь үүний илрэл юм. Дэлхий даяар технологитой хөл нийлүүлэн алхахын тулд бизнесийн ямар салбар гэдгээс үл хамааран бизнесүүд үйл ажиллагаандаа цахим шилжилт хийхэд анхаарлаа хандуулсаар байна. Даатгалын салбар, даатгалын компаниуд энэхүү давалгаанд аль хэдийн хөл нийлүүлэн алхаад эхэлсэн. Тиймээс бид харилцагчдынхаа үнэ цэнэтэй цаг мөчүүдийг хэмнэх, ямар нэгэн нэмэлт зардалгүйгээр даатгалын үйлчилгээ авах бололцоог бүрдүүлэхийг хичээж байна. Тухайн чиглэлдээ мэргэшсэн Procraft, IT Zone, Mezorn компаниудтай хамтран ажилласанаар маш богино хугацаанд энэхүү АПП-ыг бодит ажил хэрэг болгож харилцагчдын гарт хүргээд байгаадаа баяртай байна. Энэ дашрамд хамтран ажилласан түнш байгууллагуудын хамт олондоо талархал илэрхийлье.

-Edaatgal аппликейшн Монголын даатгалын зах зээлд ямар хувь нэмэр оруулах бол?

-Даатгалын салбар нь мэргэжлийн оролцогч байгууллагууд, ажилтны тоогоороо Монголын санхүүгийн зах зээлд нэлээн том жин дарах салбар билээ. Дээр хэлсэнчлэн банкны секторын хөгжил, финтек нэвтрэлтийн түвшинд хүрэхэд даатгалын салбарт илүү их хүчин чармайлт, санаачлагыг шаардаж байгаа. Өнөөдөр бид банкны бүх үйлчилгээг гар утаснаасаа хялбар авах боломжтой. Гэтэл иргэд даатгуулахын тулд замын түгжрэлд цагаа алдан даатгалын компани болон тэдгээрийн зуучлагч, төлөөлөгчийг зорьж очдог байдал байсаар байна. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай даатгалын салбарын хэд хэдэн компани даатгалын АПП-уудыг гаргах оролдлогуудыг хийлээ. Манай Edaatgal аппликейшны хувьд даатгалын үйлчилгээний цогц шийдлийг багтааснаараа арай давуу талтай гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл иргэдэд тулгардаг олон асуудлуудад шийдэл гарган өгч байгаа юм. Энэ нь хаанаас ч, хэзээ ч даатгал хийлгэх, даатгалын хугацаагаа шинэчлэн сунгах, осол гарвал газар дээрээс нь баримтжуулах, нөхөн төлбөрийн хүсэлт гаргаж, материалаа илгээн шийдвэрлэлтийн явцтай нь тухай бүр танилцах, даатгалын талаар тогтмол мэдээлэл зөвлөмж авч өөрт тохирсон даатгалын үйлчилгээг сонгох мэдлэг олж авах гэх мэт.

-Тэнгэр Даатгал компанийн алсын хараа, зорилго хаашаа чиглэж байгаа вэ? Даатгалын салбарын өрсөлдөөнийг та юу гэж харж байна?

Таны хоёр дахь асуултаас эхлэн хариулъя. Мэдээж бизнесийн байгууллагуудын хувь өрсөлдөөн тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ эрүүл, ухаалаг, ажил хэрэгч өрсөлдөөн нэмэгдэх хандлагатай байгаад миний зүгээс талархан дэмжиж байна. “Хол явъя гэвэл олуулаа яв” гэж нэг сайхан үг байдаг даа. Тиймээс бид өөрсдийн олж мэдсэн алдаа оноог бусадтайгаа хуваалцах, хэн нэгний маань бүдэрсэн чулуунд бусад нь бүдрэхгүй байгаасай гэсэн зарчмыг барьж ажиллаж байна. Эхний асуултын хувьд манай компани чанар, үр ашигт байдлыг бүх түвшинд нэвтрүүлэхийг зорьж байна. Тиймээс эрсдэлийг боломжит хамгийн бага түвшинд удирдах, хууль эрхзүй, хянан нийцүүлэлтийг олон улсын стандартад хүргэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэ чиглэлээрээ ч манай байгууллага зохицуулагч байгууллагаас тогтмол өндөр үнэлгээ авч ажиллаж ирлээ. Үүний илрэл Монгол улсыг Европын холбооны саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэгт манай компани салбараа төлөөлөн амжилттай оролцсон. Одоо нийт Монголчууд маань эцсийн үр дүнг чих тавин хамтдаа хүлээж байна. Чанар, хариуцлагатай байдал гэдэг бол эргээд даатгуулагч, харилцагчдад хүрэх үйлчилгээг найдвартай байхад чухал ач холбогдолтой зүйл билээ. Учир нь даатгалын компанийн хувьд гэнэтийн, асуудал гарсан үед үйлчилгээг хүргэх үүрэгтэй учраас хамгийн бат бэх, найдвартай байх ёстой.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

-За их баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье. Эцэст нь шинэхэн гарсан Edaatgal АПП-ынхаа уриа үгийг уншигчид, харилцагчиддаа сануулаад яриагаа өндөрлөе. Хайртай бүхнээ хамгаал, Тэвдэх цагийг бүү хүлээ.

Э.Болд