Ж.Баатарболд: Гэнэтийн зүйлээс болж санхүүгийн дарамтад орохгүйн тулд даатгалд мөнгө төсөвлөх хэрэгтэй.
logo
calendar
2023.10.11
7 мин унших

“Тэнгэр даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболдтой ярилцлаа. 

- Өмнө нь хувь хүн, айл өрхүүдэд даатгал ямар ач холбогдолтой талаар тантай ярилцаж байсан. Тэгвэл энэ удаад байгууллагын даатгалын онцлогийн талаар төвлөрч ярилцъя. 

- Байгууллагад ч бай, айл өрхүүдэд ч бай даатгуулах гурван зүйл бий. Хөрөнгө, хариуцлага, хүний амь нас, эрүүл мэнд. Энэ гуравт гэнэтийн эрсдэл учрах, улмаар санхүүгийн хүндрэлд орох аюул үргэлж оршсоор байдаг.

Байгууллагад янз бүрийн эрсдэлүүд учирч болно шүү дээ. Эрсдэлийн удирдлага сайтай байгууллагууд мэргэжлийн алба нэгжтэй, үгүй ядаж л эрсдэл, ХАБ хариуцсан ажилтантай байдаг. Бүтэн цагийн ажилтангүй ч мэргэжлийн хүмүүсийг хөлслөн ажиллуулж ажлын байрандаа гал, цахилгаан, ус чийгийн эрсдэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үнэлгээ хийлгэж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилладаг байгууллага байдаг.

Гэсэн хэдий ч урьдчилан харах, мэдэх боломжгүй эрсдэл байсаар л байдаг. Тийм эрсдэлийг мэргэжлийн газарт нь шилжүүлж, гэнэтийн санхүүгийн хүндрэлээс байгууллагаа хамгаалж болдог. Түүнийг байгууллагын даатгал гээд байгаа юм. 

- Хариуцлагын даатгал гэдэг дээр жишээ аваад тайлбарлаад өгөхгүй юу?

Жишээлбэл, ажилтан нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барах эсвэл хөдөлмөрийн чадвараа алдах юм бол хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд зааснаар байгууллага нь ажилтан, эсвэл түүний гэр бүлд 36 сар(хүртэл) цалинтай нь тэнцэх нөхөн олговор олгох хуулийн үүрэг хүлээдэг. Энэ үүрэг хариуцлагаа даатгалын компанид шилжүүлж болдог. Үүнийг “Ажил олгогчийн хариуцлагын даатгал” гэдэг.

Мөн удирдах ажилтны хариуцлагын даатгал, бүтээгдэхүүний хариуцлагын даатгал, түрээслэгчийн хариуцлагын даатгал, тээвэрлэгчийн хариуцлагын даатгал, сайн дурын жолоочийн хариуцлагын даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал гэх мэт даатгалууд байдаг. 

- За тэгвэл хөрөнгийн даатгалын жишээгээр яриагаа үргэлжлүүлэх үү?

Байгууллагын хөрөнгө гэдэгт үл хөдлөх хөрөнгө, автомашин, тусгай зориулалтын машин механизм, техник тоног төхөөрөмж, бараа материал, ачаа тээш зэргийг ойлгож болно. Жишээлбэл танай Peak-ийн хувьд энэ камер, компьютер, дагалдах хэрэгслүүд маш үнэ цэнтэй шүү дээ. Тэгэхээр танайх эдгээр тоног төхөөрөмжөө даатгуулчихвал гэнэтийн эрсдэл гарахад хохирол бага амсана гэсэн үг. 

ОБЕГ-ын мэдээллээр 2022 онд 3000 объектэд гал түймэр гарсан байна. Хамгийн ойрын жишээ татахад өнгөрсөн зун Сэлбэ голын үерийн улмаас маш олон орон сууц, бизнесийн үл хөдлөх хөрөнгүүд усанд автсан. Оффисын барилга л гэхэд өчнөөн олон түрээслэгчтэй байгаа шүү дээ. Тэгвэл гал түймэр, үер уснаас үүссэн асуудлаа шийдвэрлэж бизнесээ хэвийн байдалд нь оруулахад багагүй хугацаа шаардагдаж, бизнес нь тасалдахад хүрнэ. Өөрөөр хэлбэл түрээсэлж сууж буй харилцагч нар нь ч хохирч, түрээсийн төлбөр төлөхөөс зайлсхийж, бизнесийн ашиг орлогоо алдах, дээрээс нь нүүлгэн шилжүүлэлт, шинэ тоног төхөөрөмж сэлбэг худалдан авах, засвар үйлчилгээ хийх, цэвэрлэгээ ариутгал гэх мэт тооцоолоогүй гэнэтийн зардлууд гарах гэх зэрэг сөрөг үр дагавар их.

Тэгэхээр байгууллагууд үл хөдлөх хөрөнгөө даатгуулахаас гадна манайхаас нэмэлтээр санал болгодог бизнес тасалдлын даатгалыг авч болно. Ингэснээр гал түймэр, үер усны аюулаас болоод бизнес нь тасалдахад тухайн хугацаанд алдаж байгаа ашгаа даатгалын компаниар төлүүлэх нөхцөл бүрдэх юм. 

Хөрөнгийн даатгал хийхээс өмнө манай компани эхлээд танай байгууллагын ажлын байр, үл хөдлөх хөрөнгийн болзошгүй аюул эрсдэлийн түвшин ямар байгаад үнэлэлт, дүгнэлтийг үнэ төлбөргүй хийж өгдөг. Ингэснээр даатгалын гэрээний нөхцөл, хамгаалалт, төлөх хураамж зэрэг нь илүү тодорхой болдог. Эрсдэл бага байх тусмаа таны төлөх хураамж бага байдаг. 

- Гурав дахь төрлийн даатгал нь хүн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн бил үү?

Тиймээ, Байгууллагын хувьд ажилтнууд нь хамгийн үнэт капиталдаа ордог шүү дээ. Тэгэхээр ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах нь байгууллагад санхүүгийн хүндрэлийг дагуулдаг.

Тиймээс манай компани байгууллагуудад зориулан Ажилтны гэнэтийн ослын даатгал, Ажилтны эрүүл мэндийн даатгал, Олон улсын эрүүл мэндийн даатгал, Гадаадад зорчигчийн амь нас, эрүүл мэндийн даатгал зэргийг санал болгодог.

Гэнэтийн ослын даатгал нь ажилтан ажлын байрандаа болон ажлын бус цагаар гэнэтийн эрсдэлд өртөж эмчилгээ хийлгэх шаардлага гарвал эмнэлэг эмчилгээ болон эм тарианы төлбөрийг нь төлөх, хэрэв хөдөлмөрийн чадвараа, амь насаа алдвал даатгалын компаниас мөнгөн төлбөр олгох нөхцөлтэй даатгал юм.

Харин эрүүл мэндийн даатгал нь өвчлөлийн улмаас эмнэлэгийн үйлчилгээ авах үед зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэй. Зарим байгууллага энэ даатгалд ажилтнуудаа хамруулаад зогсохгүй ажилтныхаа гэр бүлийн гишүүдэд нь хөнгөлөлттэй даатгуулах нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Манай Гадаадад зорчигчийн амь нас, эрүүл мэндийн даатгал нь олон улсын давхар даатгалтай, $50,000-н хамгаалалттай, Шенген болон бусад визний шаардлага өндөртэй орнуудын шаардлагыг бүрэн хангадаг учраас томоохон байгууллагууд гадаадад томилолтоор явж буй ажилтнуудаа манайхаар даатгуулдаг.

2.6 тэрбум төгрөгийг ажлын гурван өдрийн дотор олгож байсан

- Тэгэхээр даатгуулчихвал ер нь аливаа эрсдэлээс хамгаалагдчихна гэж ойлгох нь зөв үү, буруу юу?

- Даатгуулж болох эрсдэл, даатгахгүй эрсдэл гэж хоёр янз байна. Даатгуулж болох эрсдэл нь урьдчилж харах боломжгүй, гэнэтийн шинж чанартай байдаг бол даатгахгүй эрсдэлд урьдчилж мэдэх боломжтой, тохиолдох нь тодорхой эрсдэл ордог. 

Жишээлбэл жолооч согтуугаар машинаа жолоодвол осолд орох, харсаар байж үерлэсэн гол руу орвол машинаа эвдэх өндөр магадлалтай учраас ийм эрсдэлийг даатгадаггүй. Үерийн аман дээр барьсан барилга, байшин үерт автах нь тодорхой тул түүнийг даатгахгүй. Стандарт нормыг зөрчиж барьсан барилга нурах магадлалтай тул даатгахгүй. Өөрөөр хэлбэл урьдчилж мэдэх боломжтой эрсдэл гэсэн үг. Харин дүрмээрээ явж байтал хэн нэгэн таны машиныг мөргөж хохироовол машины даатгал үйлчилнэ. Машины даатгалтай бол шүү дээ. 

- Манай байгууллагуудад ийм төрлийн гэнэтийн эрсдэл гарах тохиолдол хэр их байдаг вэ?

- Монгол улс эрсдэлийн түвшин өндөртэйд ордог. Цаг уурын өөрчлөлттэй холбоотой үер ус, мөндөр, цасан болон шороон шуурганы эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна. Нийслэлийн авто замын нягтралаас шалтгаалсан зам тээврийн эрсдэлийн тоо давтамж нэмэгдсээр байна. Хүн амын нас баралтын шалтгаануудыг зүрх судасны өвчлөл, хорт хавдар тэргүүлж, түүний араас гэмт хэрэг гэнэтийн ослын эрсдэлүүд орж байна. Дээр хэлсэнчлэн 2022 онд л гэхэд 3000 объектод гал түймэр гарсан байна.

Ажилтнууд нь орой явахдаа компьютерээ унтраалгүй орхидог, принтерээ асаалттай үлдээдэг, эсвэл цахилгаан хэрэгслээ шалгахгүйгээр гараад явдаг бол тэр  байгууллагад гал түймэр гарах эрсдэл байна л гэсэн үг. Байгууллагуудад хөрөнгийн эрсдэлийн үнэлгээ хийж өгөх, даатгалын үйлчилгээгээ санал болгох нь манай даатгалын менежерүүдийн хийдэг ажил. Харамсалтай нь зарим байгууллагууд эрсдэлд хайнга хандаж, ач холбогдол өгөхгүй явсаар л байдаг. Миний санаж байгаагаар гурван жил тасралтгүй санал тавиад даатгал аваагүй нэг байгууллага өнгөрсөн зун үеэрт автсан, нэг байгууллага нь намар гал түймрийн эрсдэлд өртсөнийхөө дараа даатгуулъя гэж манайд хандсан. Өмнө нь эрсдэл тохиолдоогүй гэдэг нь ирээдүйд тохиолдохгүй гэсэн үг биш. Хэнд ч, хэзээ ч тохиолдож болзошгүй учраас эрсдэл бол сохор гэж ярьдаг.

- Даатгалтай байгууллагад ийм гэнэтийн эрсдэлд орвол их хэмжээний нөхөн төлбөр гарах нь тодорхой. Даатгалын компани тэр их мөнгийг яаж нөхөн төлдөг юм бэ?

- Байгууллагад учирсан хохирлын дүн, хэмжээ асар томоор яригддаг. Тийм учраас томоохон байгууллагуудын эрсдэлийг бид Олон улсын давхар даатгалын компаниудад давхар даатгуулдаг. 

Манай бас нэг харилцагч байгууллага "Байгууллагын хариуцлагын даатгал"-тай байсан. Тэр байгууллага үйл ажиллагаа явуулж байгаад бусдад хохирол учруулвал хохирлыг нь Тэнгэр даатгал төлөх нөхцөлтэй гэсэн үг. Тэгээд яасан гэхээр цахилгааны улмаас гал гараад түрээслүүлж байсан байгууллагын объектийг шатаасан. Даатгалгүй бол нэг тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулна гэдэг тухайн байгууллагад ямар хэмжээний гэнэтийн цохилт болох нь ойлгомжтой шүү дээ. Даатгалаар хамгаалсан эрсдэл мөн байсан тул учруулсан хохирол болох 1 тэрбум төгрөгийг манайх давхар даатгалаараа олгож байсан.

- Хэрэв даатгуулаагүй байсан бол яах вэ?

- Даатгуулаагүй байсан бол нэг тэрбум төгрөгийн гэнэтийн зардал, алдагдал хүлээнэ л гэсэн үг. Тэр нь тухайн байгууллагын хэдэн жилийнх нь хөдөлмөртэй тэнцэх вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Түүнээс гадна нэг тэрбум төгрөгийн хохирлыг шууд барагдуулах боломжтой байгууллага ховор. Хохирчихсон байгууллага мөнгөө нэхнэ. Магадгүй шүүх, цагдаагийн сунжирсан процесс хэдэн жилээр үргэлжилнэ.

Харин даатгуулснаар хохирлыг шуурхай барагдуулж, бизнесээ богино хугацаанд хэвийн байдалд нь оруулах боломжтой болно. Тэгэхээр даатгал авч байгаа байгууллага өөрийгөө төдийгүй түрээслүүлэгчийг, бусад түрээслэгч хөрш байгууллагуудыг эрсдэлээс хамгаалж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл байгууллага бүр даатгалын үйлчилгээ авснаар бизнесийн бүх оролцогчид, түншүүд, түүгээр хязгаарлагдахгүйгээр нийгмээ тэр чигээр нь эрсдэлээс хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж хардаг.

Баримт, нотолгоогүй нөхөн төлбөр олговол гэмт хэрэг хийж байна гэсэн үг.

- Нөгөө талаас даатгалын компаниуд хураамж авчихаад нөхөн төлбөр олгох болохоороо элдэв шалтаг тоочоод өгдөггүй гэх шүүмжлэл байдаг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Маш энгийн болгож тайлбарлавал даатгалын компани даатгуулагчдынхаа өмнө хоёр үндсэн үүрэг хүлээдэг. Эхнийх нь даатгуулагч нөхөн төлбөр авъя аа гээд хандахад нь даатгалын гэрээнд заасан эрсдэл мөн үү, биш үү гэдгийг шалгаад баримтаар нотлогдож байвал нөхөн төлбөр олгох үүрэг хүлээж байгаа юм. Хоёр дахь нь даатгалын гэрээнд заасан эрсдэл гэдэг нь баримтаар нотлогдохгүй эсхүл хуурамч материал бүрдүүлсэн байвал нөхөн төлбөр олгохгүй байх үүрэг хүлээдэг. 

Жишээ авъя л даа. 20 хүүхэдтэй оюутны анги байна гэж бодъё. Бүгдээрээ 10, 10 мянган төгрөг нийлүүлээд ангийнхаа хэн нэгэнд туслах хэрэг гарвал ашиглах зорилготой хуримтлалын сан байгуулчихъя. Тэгээд 200 мянган төгрөгөө ангийн даргадаа хадгалуулчихъя. Ангийн дарга тэр мөнгийг банкны хадгаламжид хийгээд найдвартай хадгалах үүрэгтэй. Нэг өдөр Цэцгээгийн ар гэрт гачигдал гарчээ.Хэрэв үнэн бол ангийн дарга нөгөө мөнгөнөөсөө 50 мянган төгрөг Цэцгээд өгнө. Гэтэл Бат манай эмээ нас барчихлаа гээд худлаа яриад иржээ. Тэгвэл Батад мөнгө өгөх ёстой юу? Болохгүй шүү дээ. Хэрэв ангийн дарга шалгахгүйгээр Батын хэлсний дагуу мөнгө өгчихвөл ангийнхаа 20 хүүхдийн өмнө гэм хийж, итгэлийг нь хөсөрдүүлж байна л гэсэн үг.

Даатгал бол яг л үүнтэй адил юм. Өөрөөр хэлбэл манайд итгэж даатгалын хураамж төлсөн мянга мянган харилцагчийнхаа мөнгөнд нүдний цөцгий мэт хандаж, даатгалын гэрээнд юу гэж заасан байна түүний дагуу л нөхөн төлбөрт ханддаг.

- Та ярилцлагынхаа төгсгөлд даатгал хийлгэдэггүй аж ахуйн нэгжүүдэд хандаж юу хэлэх вэ?

Байгууллагууд гэнэтийн зүйлээс болоод санхүүгийн хүнд цохилтод ордог. Үүнээс гарах гарц нь хүн төрөлхтөн та бидний олж нээсэн даатгал гэдэг үйлчилгээ юм. Хүн бүр, байгууллага бүр өөрт учирч болзошгүй эрсдэлээ даатгуулчихъя. Тэгвэл хангалттай хэмжээний нөөц сан бүрдэх ба эрсдэлээс нийгмээрээ хамтдаа хамгаалж чадна гэсэн үг.

Монголын даатгалын салбарын орлого ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэж байна. Олон улсын жишгээр бол тухай улсынхаа ДНБ-ий 7-8 хувьтай тэнцэж байна.

Байгууллага бүр шинэ жилээ тэмдэглэдэг. Хавар, намрын аялал зугаалга зохион байгуулдаг. Яг үүнтэй адилаар тодорхой хэмжээний зардал төсөвлөөд эд хөрөнгө, хариуцлага болон ажилтнуудаа даатгаж хэвших хэрэгтэй байна. Ингэж чадвал аливаа эрсдэл тохиолдоход нийтээрээ хохирол багатай даван туулж чаддаг хэмжээнд очихыг мөрөөдөж, зорьдог доо. 

- Ярилцсанд баярлалаа.

test1
·
2024-06-27 13:19:05
testing ...
test1
·
2024-06-27 13:20:38
testing ...
test12
·
2024-06-27 13:21:42
testing ...
test123
·
2024-06-27 13:21:57
testing ...
wax
·
2024-06-27 14:39:58
war
rr
·
2024-06-27 14:43:01
was
tesst12
·
2024-06-27 14:45:05
teestts12
awdaw
·
2024-12-12 19:17:41
adawd