Tenger_Logo_Line

Ж.Баатарболд: Тэнгэр даатгал үнээр өрсөлдөх бодлогоос татгалзсан

2023-10-11

2023.07.21

Хувьцаа эзэмшигч солигдож Мандал санхүүгийн нэгдлийн харьяанд очоод буй “Тэнгэр даатгал” ХХК нь олон улсын аудитаар үнэлгээ хийлгэдэг, салбарын зохицуулагч байгууллагын үнэлгээг чанартайгаар биелүүлдэг даатгалын тэргүүлэгч компани юм. Тус компани өнгөрсөн онд 3.0 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, компанийн даатгалын нөөц сан нь байх ёстой хэмжээнээсээ 1.9 тэрбумаар өндөр буюу хүрэлцээтэй гэж гарсан байна. Тэд хэрхэн ингэж амжилттай ажиллаж байгаа хийгээд компанийн стратеги, хөгжил, хүний нөөц, удирдлагын арга барил зэрэг бизнесийн чухал сэдвүүдээр “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболдтой ярилцлаа.

“Тэнгэр даатгал” компанийн өнгөрсөн оны ашигт ажиллагааны үр дүнгээс сонирхуулаач

Бид сүүлийн 10 гаруй жил PWC, Deloitte зэрэг олон улсын аудитын компаниудаар санхүүгийн тайлангаа үнэлүүлж байна. Сүүлийн хоёр жил “Ernest and Young” олон улсын аудитын компаниар санхүүгийн тайлангаа баталгаажууллаа. Монголын даатгалын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа 16 компаниа түүчээлэн олон улсын аудитын компанитай хамтран ажиллаж байна. Олон улсын аудит учраас шаардлага нь хатуу, дүгнэлт нь бодитой гардаг. Энэхүү хатуу шаардлагыг амжилттай давж 2022 оны эцсээр бид гурван тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаа. Энэ нь хэмжээний хувьд даатгалын секторт хоёрдугаарт эрэмбэлэгдэх сайн үзүүлэлт юм.

Энэ салбарт чухалд тооцогддог бас нэг чухал үзүүлэлт нь төлбөр түргэн гүйцэтгэх чадвар. Төлбөрийн чадварын харьцаа үзүүлэлт маань 157.7 хувьтай гарлаа. Санхүүгийн Зохицуулах Хорооны шаардлага 110 хувь байдаг. Өөрөөр хэлбэл зохицуулагч байгууллагын шаардлагыг хангалттай өндөр түвшинд биелүүлж байна гэсэн үг. Эдгээр чухал үзүүлэлтээр бид салбартаа сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тэргүүлж явна. Энгийн үгээр хэлбэл даатгуулагчдад хохирол учрахад төлдөг нөөц сангийн хэмжээгээ хангалттай өндөр байлгаж, илүү хашир бодлого барьж ажилласан гэсэн үг.

Санхүүгийн үзүүлэлт, найдвартай байдлыг хянаж зохицуулдаг дараагийн субъект нь Санхүүгийн Зохицуулах Хороо. Тус байгууллагын зүгээс улирал бүрийн тайлан дээр хяналт хийж, эрсдэл дээр суурилсан чанарын үнэлгээ өгдөг. Энэ үнэлгээг тооцохдоо санхүүгийн чадвар, менежмент, засаглал, эрсдэлийн удирдлага гэх мэт олон үзүүлэлтийг харгалздаг.  Тэнгэр Даатгал ХХК сүүлийн хоёр жилийн хугацаанд үүн дээр хамгийн өндөр үнэлгээ аваад байна.

Компанийн ашигт ажиллагаа, харьцаа үзүүлэлтүүд сайжирч буй нь манай стратеги, эрсдэлийн бодлого бусдаас арай өөр байгаад болов уу гэж хэлмээр байна. Бид үнээр өрсөлдөх бодлогоос 2020 оны нэгдүгээр сараас эхлэн татгалзаж, байгууллагын эрсдэлийн түвшинд тохирсон эрсдэлийн хамгаалалт, түүнд тохирсон хураамжийн тооцооллыг санал болгож ирсэн. Нэгэнт амлаад эрсдэлийг нь хариуцаж байгаа бол нөхөн төлбөрийг нь маш хариуцлагатай өгдөг байх хэрэгтэй. Цэвэр даатгалын хураамжийн орлого бага зэрэг бууралттай байгаа ч нөгөө талд нөхөн төлбөр дээр гардаг аливаа гомдол санал багасаж байгаа нь даатгагч, даатгуулагчийн хооронд гардаг гэрээний харилцаа сайжирч, эрсдэлийн түвшин буурч байна.

Танай компанийн хувьцаа эзэмшигч солигдсон тухай яриагаар цааш үргэлжлүүлье.

2022 эцсээр манай хувьцаа эзэмшигч солигдсон. “Тэнгэр даатгал” ХХК нь Тэнгэр санхүүгийн нэгдлийн харьяанд сүүлийн арав гаруй жил байсан бол одоо Мандал санхүүгийн нэгдэл рүү шилжсэн. Энэ хоёр хувьцаа эзэмшигчид хоёуланд нь өөрийн гэсэн ялгаа буй бөгөөд аль аль нь харилцагчдад, цаашилбал зах зээлд бодит өгөөжөө өгч байна. Өмнөх хувьцаа эзэмшигчийн хувьд дийлэнх хувь нь гаднын хөрөнгө оруулагчид буюу олон улсын банк, санхүүгийн байгууллагууд байсан. Тэдгээр хөрөнгө оруулагчдын хувьд компанийн засаглал, эрсдэлийн удирдлагын ноу хау, нээлттэй зарчимч соёл, олон улсын түвшний тайлагналтыг өв болгон үлдээсэн байна.

“Хөрөнгө дээр суурилсан бизнес тасалдлын даатгал” гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргасан.

Шинэ хувьцаа эзэмшигч болох Мандал Санхүүгийн Нэгдэл нь даатгал, хөрөнгийн зах, хөрөнгө оруулалтын менежмент, эрсдэлийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын тэргүүлэх санхүүгийн байгууллага юм. Тэнгэр даатгал компанийг худалдан авсанаар Мандал санхүүгийн нэгдэл нь Мандал даатгал, Мандал лайф гэсэн гурав даатгалын компанитай  болсон. Эдгээр гурван компани нь өөр, өөрийн сегмент рүү чиглэн, тус тусдаа үйл ажиллагаагаа явуулах ба тодорхой хэмжээний синержи хийх боломж гарч байгаа. Тухайлбал арын алба, зарим нэг процессуудаа бид нэгтгэх байдлаар давхардсан зардал багасаж буй нь сайн тал. Мөн гадаад давхар даатгалын зах зээл дээрээс авдаг үнэ буурах боломжтой. Учир нь группээрээ тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх боломж нээгдэж байна.

Даатгалын компани нийгмийн харилцаанд маш олон үүрэг гүйцэтгэдэг.

Танай компанийн цаашдын стратеги хаашаа чиглэж, юунд илүү төвлөрч байна вэ?

Манай бизнесийн стратегийн хувьд ирсэн иргэд, байгууллагын эрсдэлийг хариуцаж ирсэн чиглэлээ хэвээр хадгална. Иргэдэд зориулсан үйлчилгээгээ аль болох цахим хэлбэрт оруулах, өөрийн гэсэн өргөн дэд бүтэц бүхий арилжааны банкнуудын зуучлалаар дамжуулан үйлчилгээгээ хүргэхийг илүүд үзэж байна. Товчхондоо банкны харилцагчид буюу санхүүгийн соёлтой, мэдлэг туршлагатай хэрэглэгчдэд санхүүгийн дараагийн үйлчилгээ болох эрсдэлийн хамгаалалтыг хэрэгцээнд нь тохируулан санал болгох. Энэ нь арилжааны банканд ч бас орлого олох нэг эх үүсвэр болж байна гэсэн үг.

Манай компанийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж байгаа. Жишээ нь, 2021 онд дэлхийн даатгалын зах зээлийн томоохон тоглогч болох BHSI (Berkshire Hathaway Specialty Insurance) компани бидэнтэй хамтран ажиллах санал ирүүлсэн. Бидний мэддэгээр Уоррен Баффетын группт харьяалагддаг дэлхийн даатгалын том компани биднийг сонгосон нь чухал үйл явдал болсон. Учир нь BHSI бол АМ Best-ийн эхний тавд эрэмбэлэгддэг нэр хүнд бүхий компани. Тиймээс бидний хувьд одоогийн нөөц боломж, санхүүгийн чадавх дээр үндэслэн хөрөнгийн болон хариуцлагын даатгал дээр илүү төвлөрч байна.

Бидний стратеги бол бүгдийг хийх биш. Бидний түвшинд хийх боломжгүй зарим эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллага хөлслөн газар дээр нь хийлгэдэг болсон. Уул уурхайн компани байвал уурхайн үнэлгээний байгууллагыг явуулж мэргэжлийнх нь үнэлгээг хийлгэдэг.

Байгууллагын даатгалын тухайд онцлоход өнгөрсөн онд бид “Хөрөнгө дээр суурилсан бизнес тасалдлын даатгал” гэж шинэ бүтээгдэхүүн гаргасан. Энэ нь бизнесийн байгууллагад гэнэтийн эрсдэлээс үүдэлтэйгээр бизнес, үйл ажиллагаа нь тасалдахад гарсан зардлыг нөхөн олгох зорилготой даатгал юм. Үйлдвэрийн барилга, худалдааны төвийн гал гэх мэт эрсдэлийг дурдаж болох бөгөөд эдгээрээс үүдэлтэй зардал нь зөвхөн хөрөнгөнөөс хамаарсан байх юм. Бусад шалтгаанаар, тухайлбал, захирал, менежер бизнесээ буруу удирдсанаас болж орлого тасалдахад бид даатгалын нөхөн олговор өгөхгүй.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны техникийн туслалцаатай гаднаас мэргэжлийн даатгалын эксперт бүтэн жилийн хугацаанд нь даатгалын салбарт чухал алхам болсон. Тэр зөвлөхийн санал болгосны дагуу cyber security insurance буюу хөндлөнгийн цахим халдлагатай холбоотой даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх талаар бид судалж байна.

Харин иргэд рүү чиглэсэн нэг шинэ бүтээгдэхүүн дээр яг одоо ажиллаж байна. Олон нийтийн дунд даатгалын талаарх ойлголт дутмаг, даатгуулж сураагүй, хойш тавих хандлага нийтлэг. Тиймээс хүний амьдралд тохиох эрсдэлийг багцалж Гэр бүлийн багц гэдэг шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгож байна. Бид огт хамгаалалтгүй байж болохгүй. Энэ бол нэг талдаа даатгалын бүтээгдэхүүн боловч нөгөө талдаа бидний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй маш том хэлбэр. Одоо туршилтын шатандаа явж байна.

Дижитал шилжилтийн үр дүн хэрхэн мэдрэгдэж байна вэ?

Дижитал шилжилт компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлж байгаа. 2018 онд вэбсайт дээр суурилсан платформоо гаргаж, 2020 оны 10 дугаар сард И-даатгал аппликейшнаа зах зээлд нэвтрүүлсэн. Апп гарснаас хойш нийт 13 төрлийн даатгалын үйлчилгээ бүртгэж, манайд бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 35 мянга хүрч өсөөд байна. Идэвхтэй даатгал авч байгаа нь үүнээс харьцангуй бага буюу 4000 орчим. Гэхдээ нөхөн төлбөрийнхөө материалыг апп ашиглан бүрдүүлж болно. Бид энэ апп болон вэбсайт дээр суурилсан платформыг цар тахлын үеэр маш сайн ашигласан. Иргэдийн даатгалын нөхөн төлбөрийн хүсэлтийн 80-90 хувийг цэвэр цахимаар авсан. Энэ нь компанийн болон харилцагчийн зардал, цаг хугацааг хэмнэсэн. Даатгалын апп-аа бусад платформтай холбох ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогоор Юнителийн TOKI, Мобикомын MonPay, арилжааны банкнуудын интернэт банкны апп-уудтай холбож байна.

Cyber security insurance буюу хөндлөнгийн цахим халдлагатай холбоотой даатгалын үйлчилгээ нэвтрүүлэх талаар бид судалж байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид орон нутаг дахь салбаруудынхаа тоог цөөлсөн. Гэсэн ч тухайн бүс нутагт хүргэдэг даатгалын үйлчилгээ буураагүй төдийгүй өсөлттэй гарсан нь цахимжилтын үр дүн гэж харж байна.

Танай компанийн хөгжүүлж буй эрчим хүчний хэмнэлтийн даатгалын зорилго юу вэ?

Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын судалгааг сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгээд бүтээгдэхүүн бэлэн болсон. Одоо туршилтын ажлууд явж байна. Энэ оны гуравдугаар улиралд олон нийтэд танилцуулна. Монгол Улсад эрчим хүчний үйлдвэрлэл доголдолтой, бусдаас хараат байдаг. Эрчим хүч бол байгууллагуудын хамгийн үндсэн хэрэгцээ, бас том зардал. Тиймээс даатгалын энэ үйлчилгээ нь байгууллагуудад эрчим хүчний зардлаа бууруулах, хэмнэхэд туслах зорилготой. Бид энэ төслийг ХасБанктай хамтран хэрэгжүүлж байгаа. Техник туслалцаа, сургалт, бүтээгдэхүүний дизайн дээр BASE олон улсын байгууллагын зөвлөх үйлчилгээг авч байна. Санхүүгийн зохицуулах хороонд энэ төрлийн даатгалыг бид анх удаа бүртгүүллээ. СЗХ бидний ажлыг маш сайн дэмжиж баталж өгсөн.

Сэтгэл ханамжгүй цалин багатай гурван хүнийг ажиллуулснаас сэтгэл ханамжтай, өндөр бүтээмжтэй, дараагийн карьер зорилго нь тодорхой нэг хүнийг ажиллуулах нь сонголтын л асуудал болоод байна.

Эрчим хүчний хэмнэлтийн даатгалын зарчмыг энгийн үгээр тайлбарлавал: А компани эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авахаар шийдсэн гэж төсөөлье. Хамгийн гол санаа зовох асуудал нь уг хөрөнгө оруулалт хийснээр эрчим хүчний хэмнэлт бодитоор гарах уу гэдэг асуулт. Хөндлөнгийн үнэлгээний Urica байгууллагын дүгнэлт дээр үндэслэн зардлын хэмнэлт тооцоолсон хэмжээнд гараагүй бол Тэнгэр Даатгал компани нөхөн төлбөр олгоно. Эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж нь өөрөө өртөг өндөртэй тул бизнесийн байгууллагууд зориглож шийдвэр гаргаж чаддаггүй эргэлздэг. Эргэлзээг нь бид байхгүй болгож баталгаа гаргаж байна гэж ойлгож болно. Эхний ээлжид жижиг, дунд компани, үйлдвэрүүд, аялал жуулчлалын газрууд нэлээд оролцох байх. Энэ төрлийн даатгал олон улсад сайн хөгжсөн байдаг. BASE нь манайхаас гадна хэд хэдэн оронд ийм төрлийн төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай компани бөгөөд НҮБ-ын Байгаль орчны ногоон сангийн дэргэдэх олон улсын төрийн бус байгууллага юм.

Даатгалын нэвтрэлт сайжрахгүй байгаад саад болж буй голлох хүчин зүйлсийг та юу гэж харж байна вэ?

Мэдээж эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Бизнесүүд, иргэд маань эрсдэлээ даатгуулах хангалттай хэмжээний орлогогүй байна. Олон улсын жишгээс харахад нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэхийн хэрээр даатгалжилтын хувь эрчимтэй сайжирдаг. Миний бодлоор бид анхдагч хэрэгцээндээ илүү анхаараад даатгуулах, хамгаалуулах хэрэгцээгээ анзаарахгүй байна.

Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж зөрчил гаргасан хэмжээгээр нэмэгддэг байвал нь авто замын танхайрал багасна.

Мөн даатгалын нэвтрэлт сайжрахгүй байгаа нь монголчуудын уламжлалт сэтгэлгээтэй ч холбоотой байх. Байгууллагууд дээр бидний ажигласан сонирхолтой жишээг дурдъя: Манай зарим дотоодын даатгуулагч ковидын үед даатгалыг хэмнэх зардлын жагсаалтад оруулж, зарим нь гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авсан. Гэтэл нөгөө талд нь олон улсын хөрөнгө оруулалттай компаниуд даатгалын хамгаалалтаа өөрсдөө сайн дураараа нэмэгдүүлж байсан. Тухайн үед манайд гаднын хөрөнгө оруулалттай даатгалын компаниудын хамрагдалт огцом өссөн. Эндээс бидний сэтгэхүйд маш том ялгаа байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Тэдний хувьд даатгал бол хэмнэж болохгүй, харин ч зарцуулах ёстой зардал гэж хардаг юм байна.

Даатгалын компаниудыг сайн ажиллаж байгааг тоон үзүүлэлтүүдээс гадна юугаар хэмждэг вэ?

Нөхөн төлбөрөө цаг хугацаанд нь өгдөг байх ёстой. Харилцагч, хэрэглэгчдийн гомдол санал бага, зах зээлд хүртээмжтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна даатгалын компани харилцагч нартаа санхүүгийн боловсрол олгох үүрэгтэй.  Эрсдэлийн үнэлгээг хийж, дохио сануулга өгч байх ёстой. Олон улсын жишгээр бол даатгалын компани нийгмийн харилцаанд маш олон үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн энгийн жишээ дурдахад, жолоочийн хариуцлагын даатгалын хувьд Монголд ямар нэгэн дүрэм зөрчихөд тухайн хүний даатгалын хураамжид ямар нэгэн нөлөө байдаггүй. Барууны оронд нэг зөрчил гаргахад дараа сар, улирлын даатгалын хураамж огцом нэмэгддэг. Эргээд би сайн жолооч сайн жолоочийн түүхтэй болохын тулд маш хариуцлагатай байж тодорхой хугацааны дараа даатгалын хураамжаа эргээд буулгадаг. Түгжрэл, авто замын танхайрлыг бууруулдаг нэг үндсэн арга нь энэ.

Тэгвэл та бүтээмж гэдгийг багийн түвшинд яаж ойлгож, хэмжиж, сайжруулдаг вэ?

Ажлын цагийг зөв ашигладаг, ажил амьдралын балансаа хадгалдаг байх нь чухал. Манай компани 2020 оны эхээр 99 ажилтантай байсан бол өнөөдөр 70 орчим ажилтантай болсон. Гэхдээ бизнесийн өгөөж буураагүй. Тэгэхээр бидний зарчим бол бүтээмж өндөртэй хүмүүсийг ажиллуулах. Сэтгэл ханамжгүй цалин багатай гурван хүнийг ажиллуулснаас сэтгэл ханамжтай, өндөр бүтээмжтэй, дараагийн карьер зорилго нь тодорхой нэг хүнийг ажиллуулах нь сонголтын л асуудал болоод байна. Энэ чиглэлд хүний нөөцийн стратегиа чиглүүлж байгаа.  

Нөгөө талаар, шинэ үеийн ажиллах хүчин гараад ирлээ. Богино  хугацаанд өндөр өсөлттэй ажиллах боломжууд бий боллоо. Бид ажлын уян хатан байдлыг дэмждэг. Жишээлбэл, ажилтан өглөө эрт ирээд, эрт харих боломжийг нээж, хосолсон хэлбэр буюу Home Office-ийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсэн. Хамт олны дунд “Сайн сайхан оршихуйн хөтөлбөр”-ийг 2020 оноос хэрэгжүүлж байна. Одоо ямар нэгэн шахалтгүйгээр манай ажилчид өөрсдөө үүнийг аваад явдаг болсон. Сайн дураараа, хэнийг ч албадах шаардлагагүй. Шахалтаас санаачилга руу шилжиж байгаа хэрэг. Бид амьдралынхаа маш чухал үе, үнэтэй цагийг ажил дээрээ өнгөрүүлж байгаа учраас ажиллах орчин ч таатай байх ёстой.

Бусад