Tenger_Logo_Line

Ж.Баатарболд: Монгол шиг эрсдэлтэй оронд даатгалгүй яаж тайван амьдрах юм бэ?

2023-10-11

2023.08.14

“Тэнгэр даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Эрсдэл гэж юу вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье. Монголын ард түмэн ямар нөхцөлд амьдарч байна вэ? Энд эрсдэл үнэхээр байна уу гэдгийг тоо баримттай ярихгүй юу? 

-Тэнгэр даатгал үерт өртсөн харилцагч нарынхаа нөхөн төлбөрийг түргэн шуурхай шийдвэрлэн олгосоор байна. Харамсалтай нь үерийн эрсдэлд орсон айл, өрхүүдээс даатгалд хамрагдсан нь маш цөөхөн байна. 

Хамгийн сүүлд гэхэд Дарь-Эхэд болсон үерийн улмаас өчнөөн айл өрх, 100 гаруй автомашин, 10 гаруй хүн гэмтэл бэртэлд өртлөө. Эдгээрээс даатгалтай хүмүүс маш цөөхөн байна. 10-20 хувь нь даатгалтай, үлдсэн 80, 90 хувь нь ямар нэгэн даатгалгүй байна. 

Даатгалтай хүмүүс даатгалын компаниудтайгаа холбогдоод, нөхөн төлбөр авч, хохирлоо барагдуулж байгаа бол даатгалгүй хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байна. Бүр сүүлдээ эрдэнэт хүний амь нас эрсдэлээ шүү дээ. 

Тоо баримтаас дурдвал, зам дээр яваа найман машин тутмын нэг нь тухайн жилд том жижиг хэмжээний зам тээврийн осолд орж байна. Улсын хэмжээнд жилдээ 3000 орчим барилга байшин гал түймэрт өртсөн  гэсэн тоо судалгаа байна. Монголчуудын цагаасаа эрт явж байгаа гол шалтгаанд хорт хавдар тэргүүлдэг бол хоёрдугаарт зүрх судасны өвчлөл, түүний араас гэнэтийн осол эндэгдэл орж байна. Эндээс үзэхэд бид маш их эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. 

Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий дахинд байгалийн гамшигт үзэгдлийн тоо өмнөх жилүүдээс огцом нэмэгдэж байна. Манай оронд гэхэд энэ зуны үер усны эрсдэлээс өмнө өнгөрсөн хавар, говийн бүсийн аймгуудад шороон шуурганы тоо давтамж өмнөх жилүүдээс 3 дахин өссөн судалгаа гарсан. Манай харилцагч нар дунд жишээлбэл, говийн бүс нутгуудаар зорчиж яваад, шороон шуурганд өртөж автомашин нь эвдэрч, их хэмжээний буюу 60, 70 сая төгрөгийн хохирол учирсан хэд хэдэн тохиолдол гарсан. Ийм хохирол амссан даатгуулагчдынхаа нөхөн төлбөрийг тухай бүр нь олгосон.

-Та сая шороон шуурганы улмаас машин нь эвдэрсэн гэж ярилаа. Тухайн тээврийн хэрэгсэлд яг ямар эвдрэл гэмтэл учирсан талаар тодорхой ярьж өгөхгүй юу?

 -Шороон шуурга гэхээр хүмүүс “За юун сүртэй юм бэ” гэж боддог. Шуурганд орсон машин аль талаараа шуурганд өртсөнөөс хамаарч дор хаяж 5 деталь хэсгийн өнгө нь бүдгэрч, дахиж сэргэхгүйгээр цоохортдог. Нэгэнт цоохортсон деталийг солихоос өөр аргагүй болдог. 

Шороон шуурга болох үед жолооч нар ажилласан масло буюу автомашины хөдөлгүүрийн тос түрхдэг. Энэ арга нь нэлэнхийдээ цоохор толбо үүсэхээс хамгаалдаг ч тодорхой хэмжээнд толбо үлддэг. 

Мөн машины урд талын деталиуд илүү үнэтэй байдаг тул салхины эсрэг чигт машинаа харуулж зогсдог. Энэ нь салхины шил, их гэрэл, гоёлын никель деталиуд, толь, урд гупер, копут, урд крило зэргийг цоохортож өнгөө алдахаас сэргийлдэг ч мөн л хохирлоос бүрэн сэргийлж чаддагүй. Зөвхөн гадна талд нь сэв суугаад тогтохгүй машины хамрын салхивчаар их хэмжээний элсний ширхгүүд ороод, радиатор болон хамар доторх эд ангиудыг нь солихоос өөр аргагүй болгочихдог юм байна. Мөн цахилгааны гэмтэл учруулдаг. Сэлбэгийн үнэ жилээс жилд нэмэгдэж байна. Шуурганд өртсөн машины хохирол хамгийн багадаа 30 сая, дээд тал нь 70, 80 сая хүртэлх төгрөгөөр хэмжигдэж байна. 

-Эдгээр эрсдэлээс сэргийлж, хамгаалах боломж бий юү? 

- Энэ эрсдэлээс сэргийлэх, хамгаалах хэд хэдэн арга бий. Шуурганы хувьд хамгийн энгийн арга бол хэрвээ та говийн бүс рүү явах гэж байгаа бол цаг агаараа нэгдүгээрт харах хэрэгтэй. Зайлшгүй говийн бүсээр явах шаардлагатай байдаг бол хамгаалалтын хуулга наалгах, хучлага авч явах. 

Машины зуны хучлагын давуу тал нь бага зардлаар өндөр эрсдэлээс сэргийлэх боломж олгох бөгөөд хэт халуун өдөр ч гэсэн машины өнгө наранд гандахаас хамгаалдаг давуу талтай. 

Мэдээж автомашинаа даатгуулах нь хохирлоос сэргийлэх шилдэг арга. Гэхдээ даатгуулчихлаа гээд дээрх урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэхгүй гэсэн үг биш. Учир нь шуурганд өртсөн машин засвар хийлгэсэн ч гэсэн гаднаасаа харахад зүгээр юм шиг боловч яваандаа машины эдэлгээ, үнэлгээ мууддаг. Хэн нэгэнд зарлаа гэхэд авсан хүн нь бас л хохирно шүү дээ. Хамгийн гол нь манай иргэдийн дийлэнх ямар нэгэн даатгалгүй явсаар байна.

-Даатгалгүй хүмүүс даатгалд хамрагдаагүй шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байна вэ? 

-Даатгал аваагүй хүмүүсийг ажиглахаар даатгалын талаар буруу зөрүү ойлголттойгоосоо болоод даатгал авдаггүй. 

Хүмүүс “Даатгал шал худлаа”, “Даатгал нөхөн төлбөр олгодоггүй”, “Даатгалын компани луйварчин” гэх мэт мэдээллүүд их явдаг.

 Би тоон мэдээгээ хараад сууж байна л даа. 

Манай Тэнгэр даатгал 2023 оны эхний хагас жилд 1300 харилцагчаас “Нөхөн төлбөр авъя” гэсэн хүсэлт хүлээн авсан байна. Үүний 97 хувийг бид ажлын 2-3 хоногт багтаан олгосон байна. 

Үлдсэн гурван хувь нь яагаад нөхөн төлбөр аваагүй вэ гэхээр нэгдүгээрт, даатгалын гэрээнд хамгаалагдаагүй эрсдэл учирсан. Өөрөөр хэлбэл хамгийн бага хураамжтай сонголтыг нь сонгоод машинаа даатгуулчихсан. Гэтэл тэр сонгосон даатгалын гэрээгээр зогсоол дээр байх үед учрах эрсдэл хамгаалагдаагүй байдаг. Гэтэл зогсоол дээр байхад нь дээрээс нь юм унаад хохирол учруулсан. Тэгэхээр гэрээнд зогсоол дээрх эрсдэлд даатгал олгоно гэж заагаагүй учраас нөхөн төлбөр олгохгүй. Дараагийнх нь, даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгохгүй гэсэн нөхцөлөөр нөхөн төлбөр авна гэж хүсэлт гаргадаг. Үүний нэг жишээ гэвэл манайхан зун аялал зугаалгаар явдаг. Аяллаар явахдаа зам товчлох гээд замгүй газраар гол гатлах оролдлого хийдэг. Өвөл, намар мөс хөлдөөгүй байхад мөсөн дээгүүр явж байгаад эрсдэл учирдаг. Даатгалын гэрээн дээр “Хэрэв та замгүй газраар гол гатлаад, машин тэрэг чинь эвдэрвэл, улаан гэрлээр зам гарвал, согтуугаар яваад осол гаргавал нөхөн төлбөр олгохгүй” гээд маш тодорхой заачихсан байдаг. Өөр нэг түгээмэл шалтгаан нь даатгалын луйвар хийх оролдлого байдаг. 

-Хууль бусаар нөхөн төлбөр авах оролдлого хийх тохиолдол хэр их гардаг вэ? 

-Зарим хүн хуурамч бичиг баримт бүрдүүлж, нөхөн төлбөр авах оролдлого хийдэг. Энэ бол байж болохгүй зүйл. Даатгалын хураамж төлсөн олон мянган даатгуулагчийн өмнө хийж байгаа гэмт хэрэг шүү дээ. Хүмүүс даатгалын компани гэхээр нэг их мөнгөтэй компани, тэр мөнгөнөөсөө хүнд өгөх үү, өгөхгүй юү гэдгийг шийддэг байгууллага гэж ойлгоод байдаг. Гэтэл үгүй шүү дээ. 

Даатгалын компанийн мөнгө гэж байхгүй. Хэний мөнгө байгаа вэ гэхээр, даатгалд итгээд, даатгалын үйлчилгээ авч, даатгалын хураамж төлсөн мянга мянган харилцагчийн төлсөн мөнгө л гэж байгаа юм. 

Тэр мөнгийг Нөхөн төлбөрийн нөөц сан гэж нэрлэдэг. Даатгалын компани нь нэгт, тэр санг эрсдэлгүй хариуцаж удирдах, хоёрт, хэн нэгэн даатгуулагчид даатгалын эрсдэл учрахад даатгалын гэрээнд заасан эрсдэл мөн эсэхийг хянаж нягтлан холбогдох баримтаар нотлоод уг сангийн мөнгөнөөс олгох үүрэгтэй. Хэрэв даатгалын гэрээнд заасан эрсдэл гэдэг нь баримтаар нотлогдохгүй бол нөхөн төлбөр олгохгүй байж, Нөхөн төлбөрийн нөөц санг хамгаалах үүрэг давхар хүлээдэг гэсэн үг. 

Жишээлбэл, сая манай нэг харилцагч хөдөө орон нутагт явж байгаад осолд ороход 30 сая төгрөгийн хохирол учирсан. Тэр хүн даатгуулахдаа 3 сая төгрөг төлөөд, 30 сая төгрөгийн даатгал авч байна. Энэ 30 сая төгрөг хаанаас гарч ирсэн бэ. Манай компанийн мөнгө биш. Манай компанид итгээд, даатгалын хураамж төлсөн олон харилцагчийн төлсөн мөнгөний нийлбэр 30 сая төгрөг болж, тэр хүнд олгогдож байгаа байхгүй юу. Үүнийг бид ойлгох хэрэгтэй. 

-Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Үерийн нөхцөл байдал үнэхээр яаж ч болдоггүй, хэцүү санагдсан. Танд ямар мэдрэмж төрж байв? 

-Манай ажилтан долдугаар сарын 5-ны үерт автсан орон сууцанд амьдарч байсан. Тог цахилгаан, халуун усгүй байрандаа орж чадахгүй бараг хоёр долоо хоног ах, дүү нарынхаараа хэсэж амьдарлаа. Манай нэг харилцагч машин тэргээ янзлуулах гээд зуныхаа амралтыг бараг тэр чигт нь зориулаад, амарч чадсангүй гэж ярьж байна. Дарь-Эхийн үерийн үед дуудлага өгөнгүүт манай ажилтнууд газар дээр нь очиж үзээд, нөхцөл байдалтай нь танилцаад, зураг бичлэг хийгээд, харилцагчийн машинд учирсан хохирлыг нь тодорхойлж баримтжуулсан. Маргаашаас нь хамт яваад, үнэлгээний компаниуд дээр очиж, хохирлын үнэлгээг тодорхой болгоод тухайн долоо хоногтоо нөхөн төлбөрийг нь олгосон. 

-Ер нь ямар төрлийн даатгалууд байдаг юм бэ? 

-Даатгалыг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж болно. 

Нэгдүгээрт, эд хөрөнгөтэй холбоотой даатгал. Энд айл өрхүүд дээр аваад үзвэл орон сууц, машин, хувийн сууц, эд хогшил зэрэг орно. Байгууллагын хувьд аваад үзвэл байшин барилга, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, автомашин, бараа материал гээд бүх төрлийн хөрөнгүүдэд зориулсан даатгал байдаг. 


Хоёр дахь төрлийн даатгал нь хариуцлага. Хариуцлага гэдэгт, жолоо барьж яваад юм уу доод айл руугаа ус алдаад бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулж, түүний улмаас төлбөрт унах эрсдэлийг ойлгоно. Байгууллагын хариуцлага гэж бас байна. Байгууллагын бусдын өмнө хүлээж буй хариуцлага. Энэ бол хариуцлагын төрлийн даатгал. 


Гуравдугаарт, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой даатгал. Гэр бүлийн хувьд аав ээж, үр хүүхдүүдийнх нь амь нас, эрүүл мэндийг хамгаалж даатгана гэсэн үг. Байгууллагын хувьд ажилтнуудын амь нас, эрүүл мэндийн даатгал. 

Гэтэл манайхны авдаг даатгал нь ердөө жолоочийн хариуцлагын даатгал л байдаг. Хариуцлагын даатгал. Зорилго нь та машинаа барьж яваад бусдад хохирол учруулбал, тэр учруулсан хохирлыг таны өмнөөс даатгалын компани төлнө гэсэн үг.

-Сая болсон үерийн тохиолдолд энэ даатгал үйлчлэх үү? 

-Үйлчлэхгүй. Яагаад вэ гэвэл, энэ даатгал бусдад учруулсан хохирлыг төлдөг зорилготой даатгал. Сая үерт өртсөн ямар хүмүүс нөхөн төлбөр аваад байна вэ гэхээр хөрөнгийн төрлийн даатгалд өөрийн машинаа даатгуулсан хүмүүс машин нь үерт өртсөн учраас нөхөн төлбөр авна. Ийм ялгаатай. Дарь-Эхийн үерийн мэдээ харж байхад, гэнэтийн эрсдэлд өртсөн 10 хүн ГСҮТ-д эмчилгээ хийлгэж байна гэж байсан. Тэр хүмүүс эмчилгээ хийлгэхэд зардал гарч байна шүү дээ. Эмчийн үзлэг, эм тарианы зардал, ор хоногийн мөнгө гээд зардал гарна. Энэ зардлыг төлдөг даатгал болохоор нөгөө гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал гээд гурав дахь төрлийн даатгал нь байхгүй юу. Энэ ялгааг сайн ойлгох хэрэгтэй. 

Харилцагч нар андуураад, жолоочийн хариуцлагын даатгалтай хэр нь  үерт өртчихлөө, нөхөн төлбөр авъя гээд ороод ирдэг. 

Энэ бол бидний даатгалын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатайн жишээ. Түрүүн хэлснээ дахиад хэлэхэд манай Тэнгэр даатгал нийт олгосон нөхөн төлбөрийнхөө 97 хувийг олгож байна. Өмнө дурдсан шалтгаанаар нөхөн төлбөр аваагүй 3 хувь нь нийгэмд даатгалын талаар сөрөг, худал, буруу мэдээлэл түгээгээд байдаг. Гэтэл нөхөн төлбөр авсан эдгээр харилцагч нар маань дуугардаггүй. Тэгэхээр би даатгалын үйлчилгээ аваад сурчихсан, нөхөн төлбөр авч байсан хүмүүсийг эргэн тойрондоо нөлөөлөөсэй гэж уриалмаар байна.

-Ямар байдлаар нөлөөлбөл үр дүнтэй гэж үзэж байна вэ? 

-Та даатгалын талаар ярьж эсвэл өөрийн нийгмийн сүлжээгээр даатгалын үйлчилгээний талаар хуваалцаж болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд найзууд аа даатгуулъя, даатгал хэрэгтэй шүү. Би даатгуулдаг, нөхөн төлбөр авч байсан, тэдэн төгрөгийн хохирол учраад, тэдийг нь даатгалаар барагдуулж байсан. Даатгал хэрэгтэй, нөхөн төлбөрөө олгодог гэдгийг ямар нэгэн байдлаар эргэн тойрныхоо хүмүүст хэлж дуулгаач ээ л гэж  байгаа юм. 

Тэгвэл энэ үерт өртсөн, даатгалд хамрагдаагүй яваа эргэн тойрны хүмүүс чинь таны яриа, ухуулгыг сонсоод, нөлөөллийг бодож үзээд, даатгалд хамрагдана. Дараа жил дахиад ийм үер, байгалийн эрсдэл болохгүй гэх баталгаа байхгүй. Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. 

Тэгэхээр таны ярьсан, зөвлөсөнд итгээд даатгал авсан хүмүүс маргааш янз бүрийн эрсдэл тохиолдоход хохирол багатайгаар даван туулах боломж бүрдэнэ. 

Нөгөө талаас сая үерийн дараагаар хандив тусламж цуглуулах аян маш их өрнөж байна. Энийг би дэмждэг. Ядарсан, зовсон нэгэндээ туслах нь зүйн хэрэг. Үүнийхээ зэрэгцээ өөрийгөө даатгуулаач ээ гэж уриалмаар байдаг. Та өөрийгөө л даатгуулчих. Өөрийгөө гэдэгт гэр бүлийнхээ хайртай хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг, мөн эд хөрөнгө болон бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулна гэсэн үг. 

Тэгэхээр хэн нэгэн хүнд эрсдэл учирлаа гэхэд хандив цуглуулах шаардлага бараг гарахгүй. Угаасаа таны өөрийгөө даатгуулсан таны мөнгө Нөхөн төлбөрийн нөөц санд орчихсон яваа. Тиймээс таны мөнгөнөөс нөгөө хохирсон хүнд өгнө. Тэр утгаараа өөрийгөө даатгуулна гэдэг нийгмийн хариуцлага, сайн үйл юм. 

-Иргэдийн дунд Монголын даатгалын үйлчилгээ үнэтэй гэсэн ойлголт байдаг. Гаднын орнуудтай харьцуулахад хэр өндөр үнэтэй байна вэ? 

-Би Монголын даатгалын үйлчилгээ хямдхан гэж хэлнэ. Манай Монголд гэр бүлээс нь хэн нэгэн гадаадад амьдардаггүй, ажилладаггүй айл өрх ховор. Та миний ярианд итгэхгүй байгаа бол гадаадад амьдардаг найз нөхөд, ах дүүгээсээ асуугаад үзээрэй. Машин даатгуулахад жилдээ ямар хураамж төлдөг вэ. Өөрийн амь нас, эрүүл мэндийг даатгуулахад та жилд хэдэн төгрөг төлж байна вэ. Тэр нь таны орлогын хэдэн хувийг эзэлж байна вэ гээд асуугаад үзээрэй. Тэгээд Монголын даатгалын компаниудын санал болгож байгаа даатгалын хураамж буюу үнэтэй харьцуулаад үз. 

Таны орлогод эзлэх даатгалын хураамжийн хувь таны гэр бүлээс гадаадад амьдардаг хүний даатгалд төлж байгаа мөнгөний тэр хүний орлогод эзэлж буй төлбөрөөс манайд хамаагүй хямд. Тэрийг би баттай хэлнэ. 

-Ойролцоогоор хэдэн төгрөг болдог бол? 

-Өнгөрсөн долдугаар сарын 5-ны үерт өртсөн харилцагч нарынхаа жишээн дээр би хэлье. Автомашинаа B1 давхрын гаражид тавьсан байхад нь Сэлбэ гол үерлээд гараж дүүрсэн. B1 давхар битгий хэл нэг давхар үерт автсан. Тэр машин 22 сая төгрөгийн үнэтэй, даатгуулсан байсан. Даатгалын хураамж нь хамгийн хямд даатгал сонгоход 1 хувь байдаг. 22 сая төгрөгийн нэг хувь гэхээр 220 мянган төгрөг. Жилд нэг удаа төлөх 220 мянган төгрөг хэр их мөнгө вэ гэдэг асуудал байгаа юм. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, Монгол нэг өрхийн дундаж орлого сарын 1.6 сая төгрөг. Жилээр нь аваад үзвэл 19.2 сая төгрөг. Үүнээс машины даатгалд төлж буй төлбөр нь 220 мянган төгрөг гэвэл таны жилийн орлогын нэг хувь. Өөрөөр хэлбэл, жилийн орлогынхоо нэг хувийг л машинаа даатгуулахад зориулж байна гэсэн үг. 

Мөн дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг хүн байя гэж бодъё. Орон сууцны даатгалын хураамж бүр бага буюу 0.1 хувь байдаг. 100 сая төгрөгийн орон сууцанд амьдардаг хүн саяынх шиг үерт өртөхгүйн тулд эрсдэлээс хамгаалж даатгуулъя гэж бодъё л доо. 0.1 хувь гэхээр 100 мянган төгрөг. 

Жилдээ нэг удаа төлнө. Гуравдугаарт, машинаа, орон сууцаа даатгуулчихлаа. Одоо та өөрөө үлдэж байна. Таны хайртай хүмүүс, хань, үр хүүхдүүд чинь байж байна. Өөрийгөө даатгуулахгүй байж болохгүй. 


-Өөрийгөө ямар даатгалд хамруулж болох вэ? 

-Гэнэтийн ослын, эрүүл мэндийн даатгал гэж байдаг. Энэ хоёр ялгаатай. Гэнэтийн ослын даатгалыг бас л ялгаагүй 1 хувь гээд бодчих хэрэгтэй. Би өөрийгөө хэдэн төгрөгөөр үнэлмээр байна вэ, тэр үнэлгээнийхээ нэг хувь гэсэн үг. Жишээлбэл, 10 сая төгрөгөөр үнэлье гэж бодвол төлөх даатгалын хураамж нь жилд 1 удаа 100 мянган төгрөг болно. Энгийнээр тайлбарлавал гэнэтийн ослын даатгал авсан хүн ямар нэгэн байдлаар гэнэтийн осолд ороод амь насаа алдчихвал даатгалын компани ар гэрт нь 10 сая төгрөг өгнө гэсэн үг. 

Бүр амь насаа алдах хэмжээнд хүрдэггүй юмаа гэхэд эмчилгээ хийлгээд эдгэх хэмжээний гэмтэл бэртэл авч болзошгүй. Хөлөө хугалах, ууланд явж байгаад шагайгаа булгалах, могойд хатгуулах, машинд шүргүүлэх гэх зэрэг. 

Тэр тохиолдолд эмчийн үзлэг, эмчилгээний ор хоног, эм тариа гээд зардал гарна. Энэ зардлаа даатгалын компаниар төлүүлэх нөхцөлтэй даатгал гэсэн үг. 

Манай компани айл өрхүүдэд “Гэр бүлийн багц даатгал”-ын үйлчилгээ санал болгодог. Машинаа, орон сууцаа, хайртай хүмүүсээ, дээрээс нь нөгөө яриад байдаг хариуцлагаа бүгдийг нь даатгуулахад,, 480 мянган төгрөгийн төлбөр төлнө. Бүтэн жилд нэг удаа. Тэгээд бодохоор 480 мянган төгрөг нь Монгол Улсын нэг өрхийн дундаж орлого жилдээ 20 сая төгрөгтэй харьцуулахад 2-3 хувьтай л тэнцэнэ. Ийм мөнгөөр тийм их хэмжээний эрсдэлээс хамгаалах боломж байгаа юм.

-Монгол эрчүүдийн дийлэнх нь даатгуулна гэсэн ойлголт багатай санагддаг. Эрүүл мэндийн хувьд ч төдийлөн анхаараад байдаггүй. Та үүнтэй санал нэг байна уу? 

-Хувь хүнийхээ туршлагаас яривал, би тогтмол гүйлтээр хичээллэдэг. Сүүлийн гурав, дөрвөн жил тогтмол хичээллэж байна. Анх юунаас сэдэл авсан бэ гэхээр хэдэн жилийн өмнө манай эхнэр “Энийг хар даа” гээд Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа харуулсан. Одоо би 40 гарсан. 40 нас хүрсэн Монгол эрчүүдийн тал нь 60 насны босго давдаггүй юм байна. 40-60 нас хүртэлх 20 жилийн дотор Монгол эр хүний тал нь ойчоод өгдөг юм байна шүү дээ. 

Дийлэнх нь хавдар, зүрх судасны өвчин, гэнэтийн осол зэрэг шалтгаан байдаг. Зүрх, судасны өвчний дийлэнх нь таргалалт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, амьдралын буруу хэв маяг. 

Ядаж эдгээрээс болж явчхалгүй 60 насны босгыг давж байгаа тал хувьд нь ормоор байна шүү дээ. Тийм болохоор идэвхтэй хөдөлгөөнтэй амьдаръя гэсэн зорилго тавьж сүүлийн дөрвөн жил гүйлтээр тогтмол хичээллэж байна. Гэсэн хэдий ч ирээдүйд юу болохыг хэлж эс мэдэх тул гэр бүлдээ хайртай өрхийн тэргүүн хүн бол өөрийнхөө эрүүл мэндийг анхаарахын зэрэгцээ амь нас, эрүүл мэндээ даатгуулах, амьдралын даатгалын үйлчилгээ авч хэвших нь маш том хариуцлагын илрэл гэж боддог. 

-Япон хүн бүрд даатгуулдаг гэдэг. Монгол хүн бүр даатгалд хамрагддаг байгаасай гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж чаддаг байгаасай. Энэ талаар та юу хэлэх вэ?

 -Монголчууд бүх мэдээллээ сошиалаас авч байна. Даатгал авч байгаагүй хүмүүс даатгалын талаар буруу зөрүү, таагүй мэдээлэл маш их түгээдэг. Тэрийг нь харсан хүмүүс даатгал хэрэггүй юм байна гэж бодоход хүрдэг байж болзошгүй. 

Монгол хүмүүсийн худалдан авалтын жагсаалтад даатгал авна гэдэг зүйл бараг байдаггүй. Жишээлбэл, бид аялалд гарахаасаа өмнө хувцас хунар, хоол хүнс, майхан сав, машин тэргээ бэлдэнэ гээд мартахгүй хийх зүйлсийн жагсаалт гаргадаг. Шинэ оны босгон дээр бялуу, оргилуун дарс, гацуур мод, ширээний бүтээлэг, жимс гэх мэтээр бас жагсаалт гаргадаг. 

Тэдгээр жагсаалтын дунд даатгал баймаар байгаа юм. Аялалд гарах бол хамгийн түрүүнд даатгал, шинэ он гарахаас өмнө хайртай бүхнээ хамгийн дүрүүд даатгуулна гэх мэт.

-Даатгалгүй явна гэдэг таны бодлоор?  

Юу ч болохыг мэдэхгүй, тийм биз дээ. Сая миний ярьдаг жишээгээр, Монгол оронд маань зам тээвэр, байгалийн эрсдэл өндөр байна. Зөвхөн Монгол гэлтгүй, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор ямар олон оронд байгалийн гамшигт үзэгдэл болж байна. Энэ тоо, давтамж, хор хохирлын байдал жилээс жилд нэмэгдэнэ үү гэхээс буурна л гэж би лав хүлээхгүй байна. Эрсдэл нэгэнт тодорхой байхад би яаж даатгалгүй тайван амьдрах юм бэ. 

Тийм болохоор даатгалын талаар буруу мэдээлэл түгээгээд байгаа хүний үгэнд яагаад итгэх ёстой гэж. Даатгалаа авчхаад, даатгалын гэрээгээ сайн уншиж ойлгочхоод, дараа нь даатгалын компанитайгаа ярья л даа. Огт даатгал аваагүй, зөвхөн албан журмын даатгалтай байж даатгалын компани нөхөн төлбөр олгодоггүй гэж ярих чинь өөрөө шударга биш байна шүү дээ. 

Тэгэхээр эхлээд даатгалаа, даатгалын гэрээгээ сайн уншаад ямар нөхцөлд нөхөн төлбөр олгодог, ямар нөхцөлд олгодоггүй болохыг ойлгоод авчих. Даатгалын хугацаанд танд юу ч тохиолдохгүй бол сайн хэрэг. Таны даатгалд төлсөн хураамж хохирол амссан хэн нэгэнд нөхөн төлбөр болж очсон байгаа. Угаасаа даатгал гэдэг бол 100 хүн даатгуулсан мөнгөнөөс 1 хүнд нөхөн төлбөр олгодог зарчмаар л ажилладаг.


-Жил бүр даатгал хийлгээд, үр шимийг нь хүртдэггүй нэг хэсэг “Даатгал худлаа” гэж гомдоллодог юм болов уу. Тийм байж болох уу? 

-Юу ч болоогүй гэдэг нь юу ч болохгүй гэсэн үг биш шүү дээ. Тиймээс дараа жил нь даатгалаа дахиад л ав. Болсон бодит явдал ярьж өгье. Манай найз таван жил даатгуулаад ямар ч эрсдэл учраагүй. Юу ч болоогүй юм чинь би шал дэмий зүйлд мөнгөө зарцуулаад байна гээд дараа жил нь даатгалаа хийлгүй явж байгаад машинтай мөргөлдчихсөн. Тэгээд нөгөө хүндээ 3.5 сая төгрөг төлөөд өөрийнхөө машиныг 5 сая төгрөгөөр засуулсан. 

“Даатгалд хэдийг төлөх байсан юм бэ” гэхэд 400 мянган төгрөг л төлөх байсан гэсэн. 400 мянган төгрөг хэмнээд, таван жил юу ч болоогүй юм чинь гэж бодоод, 8.5 сая төгрөгийн тооцоолоогүй төлбөрт уначхаж байна. 

Даатгалын үйлчилгээ жил бүр аваад, юу ч болохгүй бол бурхан тэнгэртээ талархаад, бусдад тусалсандаа өөрөөрөө бахархаад л явж байх хэрэгтэй. Хайран мөнгө үрэн таран хийчихлээ, тэрний оронд өөр юманд зарцуулдаг байж гэж битгий харамс. Яагаад гэвэл таны даатгалд төлсөн мөнгө үерт автсан, амь насаа алдсан, эд хөрөнгөөрөө хохирсон хэн нэгэн айлд нөхөн төлбөр болоод оччихсон байгаа. Тэгж бодоод өөрөөрөө бахарх. Дараа жил дахиад даатгалаа хийлгэ. Хэзээ нэг өдөр нөхөн төлбөр авах тохиолдол тан дээр ирж болно. Тэр үед нөгөө олон мянган хүмүүсийн төлсөн хураамж танд нөхөн төлбөр болж ирнэ. Энэ талаас нь бид хармаар байна. 

Төгсгөлд нь Монголчуудаа өөрийгөө даатгуулаарай. Өөрийн гэр бүл, орон сууц, автомашин, хайртай хүмүүсээ, бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа бүгдийг нь даатгуулаарай гэж уриалмаар байна.  

Peak.mn

Бусад